нүүр хуудас / ажиллах журам

Үндэсний статистикийн хорооны даргын 2017 оны 2 дугаар сарын 6 ны өдрийн A/15 тоот тушаалын хавсралт


Арга зүйн байнгын зөвлөлийн ажиллах журам

I. Нийтлэг үндэслэл

1.1. Арга зүйн байнгын зөвлөл /цаашид зөвлөл гэнэ/-ийн үндсэн зорилго нь Статистикийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын нийтлэг зарчим, аргачлалыг мөрдлөг болгон статистикийн мэдээлэл цуглуулах арга, хэлбэр, агуулга, хамрах хүрээ, тооцох арга зүйг боловсронгуй болгох, олон улсын нийтлэг аргачлалд нийцүүлэх талаар баримтлах бодлого, чиглэлийн үндэслэлийг тодорхойлж, тооллого, судалгааны үзэл баримтлал, арга зүйн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит амьдралд нийцсэн мэргэжлийн дүгнэлт гаргахад оршино.

1.2. Зөвлөлийн гишүүдийг Үндэсний Статистикийн хороо /цаашид ҮСХ гэнэ/-ны даргын тушаалаар томилно.

1.3. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд нийт 10-15 хүний бүрэлдэхүүнтэй байна.

1.4. Зөвлөлийн гишүүд нь статистикийн арга, арга зүй, асуулгын стандарт, судалгааны арга зүй, түүврийн дизайн, үндэсний тооцоо зэрэг чиглэлээр ажиллана. Шаардлагатай тохиолдолд гэрээний үндсэн дээр статистикийн мэргэжлийн гаднын байгууллага, хувь хүмүүс, багуудтай хамтарч ажиллаж болно.

1.5. Зөвлөлийн гишүүдийг сонгохдоо дараах нийтлэг шаардлагад нийцүүлнэ. Тухайлбал:

   1.5.1. Эдийн засаг, статистик, хүн ам зүй болон мэдээлэл технологийн салбарын мэргэжилтэй байх,

   1.5.2. Статистикийн мэдээллийн олон улсын нийтлэг стандарт, шинжлэх ухааны арга, арга зүй болон нийгэм, эдийн засгийн онолын өндөр мэдлэгтэй байх,

   1.5.3. Судалгаа шинжилгээний ажлын туршлагатай, бие даасан болон хамтын эрдэм шинжилгээний бүтээлтэй байх,

  1.5.4. Статистикийн албаны ажлын туршлагатай, статистикийн байгууллагад болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 2-оос доошгүй жил                     ажилласан байх,

   1.5.5. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь тус хорооны арга зүй хариуцсан газрын ажилтан байна.

1.6. Зөвлөлийн гишүүдийг зөвлөлийн дарга болон ҮСХ-ны газар нэгжийн удирдах ажилтны саналыг үндэслэн зөвшилцөж, 5 жил тутам нэг удаа шинэчлэн томилох саналыг ҮСХ-ны даргад уламжилна.   

1.7. Зөвлөлийн гишүүн ажлаас гарах, 6-аас дээш сарын урт хугацааны чөлөө авах, харгалзан үзэх шалтгаанаар өөрөө татгалзсан тохиолдолд гишүүнээс чөлөөлж, энэхүү журмын 1.4-т заасан нийтлэг шаардлагыг хангасан ажилтныг зөвлөлийн дарга, гишүүдийн шийдвэрээр нөхөн томилно.

1.8. Зөвлөлийн гишүүдийн хариуцан ажиллах чиг үүргийг төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээнд тусгасан байна.

1.9. ҮСХ-ны жил бүрийн төсөвт Зөвлөлийн үйл ажиллагааны зардал тусгагдсан байна. Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Тамгын газрын даргын тушаалаар батална.

1.10. Зөвлөл нь хурлаар асуудлыг нээлттэй хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх, олонхийн санал (ирцийн 50 хувь+1 гишүүн)-аар шийдвэрлэнэ.


II. Зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг

2.1. Зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг албан ёсны статистикийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, аргачлал, арга зүйг шинэчлэх, сайжруулах талаарх баримт бичиг, ҮСХ-ны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичгийг үндэслэн оны эхэнд Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, баталж, мөрдөнө.

2.2. Зөвлөл нь статистикийн аргачлал, арга зүйн нэгдсэн сан бүрдүүлж, шинэ болон шинэчлэгдсэн олон улсын нийтлэг арга зүйг тухай бүрд нь судалж, холбогдох өөрчлөлтийг тусгаж байхыг үндсэн газар, нэгжид үүрэг болгоно.

2.3. Зөвлөлийн гишүүдээс зөвлөлийн болон хурлын үйл ажиллагаанд оролцсон  байдал, тухайн хэлэлцүүлэх асуудалд өгсөн санал, ирцийг харгалзан тэдгээрт улирал бүр урамшуулал олгоно.

2.4. Зөвлөлийн дарга нь зөвлөлийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож, оновчтой санал дүгнэлттэй ажиллаж буй гишүүнийг ҮСХ-ны хагас, бүтэн жилийн шагнал урамшуулал болон олон улсын аргачлал, арга зүйн сургалт, хэлэлцүүлэгт оролцуулахаар нэр дэвшүүлж, ҮСХ-ны даргад танилцуулж, нэгдсэн зохицуулалт хийнэ.

2.5. Зөвлөлийн гишүүд энэхүү журмын 1.3-т заасан чиглэлээр туршлага судлах гадаад үйл ажиллагаанд хамрагдана.

2.6. Танилцах болон хэлэлцэж байгаа асуудал, гарах шийдвэрийн талаар өөрийн санал, дүгнэлт гаргана.

2.7. Танилцах болон хэлэлцэж байгаа асуудал, гарах шийдвэртэй холбогдсон мэдээлэл судалгаа, танилцуулгаар хангагдана.

2.8. Танилцах болон хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон баримт бичгийн боловсруулалтын чанараас хамаарч, нэмэлт судалгаа, дүгнэлт гаргуулах, Зөвлөлийн тухайн өдрийн хурлаар уг асуудлыг хэлэлцэхээс татгалзах санал гаргаж болно.

2.9. Өөрийн урьдчилан өгсөн санал, дүгнэлтээ  хамгаалах, санал өгсөн хуудсын хуулбарыг авна.

2.10. ҮСХ-ны эрхлэх асуудлын хүрээнд зөвлөлөөс тодорхой сэдвээр арга зүйн нээлттэй семинар, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж болно. Үүнд зөвлөлийн гишүүд үүрэг хүлээж, идэвх санаачлагатай оролцоно.

2.11. Зөвлөлийн гишүүд нь хурлаар хэлэлцэж байгаа асуудлуудтай нэг бүрчлэн танилцаж,  уг асуудалтай холбогдох онол, арга зүйн болон хууль, эрх зүйн үндэслэлтэй санал, дүгнэлтийг бэлтгэж ажлын 3 хоногийн дотор бичгээр болон цахим хэлбэрээр урьдчилан өгнө.

2.12. Зөвлөлийн   дарга,   орлогч   дарга,   гишүүд нь зөвлөлийн   хуралд   идэвх санаачлагатай, санал дүгнэлт гаргаж, өөрийн биеэр оролцоно.

2.13. Зөвлөлийн гишүүн 6 болон түүнээс доош хугацаанд гадаад дотоод томилолттой байх, чөлөө авах, хүндэтгэх шалтгаантай үед тухайн хэлэлцэх асуудалтай холбогдох санал, дүгнэлтийг заавал хүргүүлнэ.

        2.13.1. Шаардлагатай тохиолдолд тухайн гишүүнийг төлөөлөх салбарыг харгалзан үзэж орлон ажиллах ажилтныг түр хугацаанд томилно.

2.14. Зөвлөлийн гишүүд  хэлэлцэх  асуудалтай  холбоотой  олон  улсын  хэмжээнд нийтлэг мөрддөг статистикийн үзүүлэлтүүд, тэдгээрийн  арга  зүй,  ангилал, стандартыг нарийвчлан судалсан байвал зохино.

2.15. Зөвлөлөөр дэмжигдэн, Даргын зөвлөлийн хурлаас батлагдсан аргачлалын шинэчилсэн хувилбарыг холбогдох газар нэгжүүд Аргачлал, Арга Зүйн Мэдээллийн Санд электрон хэлбэрээр байршуулахад хяналт, шаардлага тавина.

     2.15.1. Шинээр боловсруулсан аргачлалыг “Аргачлал, Арга Зүйн Мэдээллийн Сан”-д электрон хэлбэрээр байршуулахад “Шинээр нэмэгдсэн” гэсэн тэмдэглэгээг аргачлалын нэршлийн баруун дээд буланд тавьж, тодотгоно.

2.16. Зөвлөл нь хэлэлцэж шийдвэрлэсэн онол, арга зүйн асуудлаар ҮСХ-ны Даргын зөвлөлийн өмнө хариуцлага хүлээнэ.

2.17. Зөвлөлөөр дэмжигдэн, Даргын зөвлөлийн хурлаас батлагдсан аргачлал, маягт, асуулга түүний зааврын шинэчилсэн хувилбарыг холбогдох тушаалын хамт хорооны нийт ажилтнуудад улиралд нэг удаа хүргүүлж байна. 

        2.17.1. ҮСХ-ны нийт ажилтнуудад мэдээллийн самбарт холбогдох цахим замыг заан байршуулж хүргүүлнэ.

        2.17.2. Орон нутгийн ажилтнуудад цахим хаягаар хүргүүлж байна.

2.18. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь дараах үүрэгтэй байна:

       2.18.1. Хэлэлцэх болон танилцах асуудлын төслийн баримт бичгийн боловсруулалтын чанар, хэлэлцэх асуудлын бүрдэлд хяналт тавих, шаардлага хангаагүй асуудлыг хойшлуулах талаар зөвлөлийн дарга, гишүүдэд санал болгох,

           2.18.2. Зөвлөлийн даргын шийдвэрийн дагуу хурлын товыг тогтоон, зөвлөлийн гишүүдэд зар хүргэх,

         2.18.3. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь холбогдох газар, нэгжийн ажилтантай хамтран хуралд хэлэлцэх асуудлыг зөвлөлийн гишүүдэд ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө албан ёсоор хүргүүлсэн байхаар бэлтгэлийг хангах,

           2.18.4. Хуралд оролцож буй Зөвлөлийн гишүүдийн ирцийг бүртгэж, танилцуулах,

Зөвлөлийн хурлын төлөвлөгөө, хэлэлцсэн асуудлууд, гишүүдийн санал болон хурлын тэмдэглэл зэрэг баримт бичгийг тухайн оны эцэст архивд электрон хэлбэрээр хүлээлгэн өгөх. 

III. Зөвлөлийн хурлаар танилцах болон хэлэлцэх асуудал

3.1. Зөвлөлийн хуралд оруулах асуудлыг танилцуулах болон хэлэлцүүлэх гэсэн хоёр хэсэгт ангилна.

     3.1.1. Танилцуулах асуудлыг хурлаас ажлын 5 өдрийн өмнө дотоод сүлжээнд байршуулах ба гишүүдэд мэдэгдсэн байна.

    3.1.2. Хэлэлцүүлэх асуудлыг хурлаас ажлын 5 өдрийн өмнө энэхүү журмын 5.2-т заасан бүрдлийг бүрэн хангаж дотоод сүлжээнд байршуулан, гишүүдэд цахимаар, шаардлагатай тохиолдолд цаасаар хүргүүлж саналыг авна.

             3.1.2.1. Зөвлөлийн гишүүдийн саналыг хурлаас ажлын 2 өдрийн өмнө авч, холбогдох өөрчлөлт, засварыг тусган санал авах хуудсыг гишүүд бүрээр дахин тойруулж, хуралд оруулах зөвшөөрлийг авна.

3.2. Зөвлөлийн хурлаар дараах аргачлал, арга зүйг танилцуулж, хэлэлцэнэ. Үүнд:

      3.2.1. Статистикийн үзүүлэлт, нэгдсэн тооцоо, ангилал, тооллого, судалгааны аргачлал, тэдгээртэй холбогдсон ойлголт тодорхойлолт, үзэл баримтлал;

      3.2.2. Статистикийн үзүүлэлт, нэгдсэн тооцоо, ангилал, тооллого, судалгааны
мөрдөгдөж  буй  аргачлал,  зөвлөмж,  заавар,  журамд  нэмэлт  өөрчлөлт оруулах төсөл, санал дүгнэлт;  

      3.2.3. Албан ёсны болон захиргааны статистикийн мэдээлэл цуглуулах маягт, түүний зааврын төсөл,

      3.2.4. Тооллого,  түүвэр  судалгааны  маягт,  заавар,  үзэл баримтлал, туршилт судалгааны үр дүн,

      3.2.5. Улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, код, регистр зэрэг асуудлын хүрээнд:

  • шинээр болон шинэчлэн боловсруулах асуудлыг нийтэд нь;
  • нэмэлт  өөрчлөлт оруулсан асуудлын хувьд зөвхөн тодотгол, нэмэлтийг нь хэлэлцэж, шийдвэрийн төсөл гаргана.

3.3. Зөвлөлийн хурлаар ДЗХ-д аргачлал, арга зүйн талаар шийдвэрлэгдсэн болон буцаагдсан асуудлуудыг, түүнчлэн хагас жил тутам зөвлөлийн ажлын тайланг хэлэлцэж, ҮСХ-ны Даргын зөвлөлийн хуралд тайлагнана.


IV. 

Зөвлөлийн хурлын хуралдааны дэг


4.1. Зөвлөлийн хурлыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Лхагва гараг бүр  гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэйгээр, сард 2-оос доошгүй
удаа, шаардлагатай тохиолдолд энэхүү журмын 5.2-т заасан бэлтгэл хангагдсан үед Зөвлөлийн  дарга, түүний эзгүйд орлогч дарга зарлан хуралдуулж болно.

4.2. Зөвлөлийн хурлаас гарах санал, дүгнэлт, шийдвэр нь тэмдэглэл байна.

     4.2.1. Хурлын тэмдэглэлд хурал зохион байгуулсан байр, эхэлсэн дууссан хугацаа, оролцсон гишүүд, бусад хүмүүс болон хэлэлцсэн асуудал бүрээр гишүүдээс тавьсан асуулт, хариулт, гаргасан санал, шүүмжлэл хурлын шийдвэр зэргийг тодорхой тусгасан байна.

      4.2.2. Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тухайн асуудлыг хариуцаж хэлэлцүүлсэн нэгжийн ажилтан хөтөлж, хурал дууссанаас хойш ажлын 1 өдрийн дотор Зөвлөлийн дарга /түүний эзгүйд орлогч дарга/ болон нарийн бичгийн дарга хянаж, гарын үсэг зурж, баталгаажуулна.

4.3. Арга зүйн байнгын зөвлөлийн хурлын шийдвэрийн хэрэгжилтэд Зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга нь байнгын хяналт тавьж ажиллана.

4.4. Яам, агентлаг болон бусад байгууллагатай хамтран боловсруулж, хэлэлцүүлэх асуудлыг тэдгээрийн чиг үүргийн дагуу хариуцах эрх бүхий удирдах албан тушаалтныг зөвлөлийн хуралд зайлшгүй байлцуулна.

4.5. Хэлтсийн дарга, түүнээс дээш албан тушаалтан оролцох боломжгүй тохиолдолд тухайн албан тушаалтныг төлөөлж чадна гэсэн ажилтныг “томилсон” албан бичгийг холбогдох яам, агентлаг, байгууллагын дарга/сайд ирүүлсэн байна.

4.6. Хуралд асуудал танилцуулах болон хэлэлцүүлэхээр оруулж байгаа ажилтан нь хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалтан байна. Хэлэлцэж байгаа асуудлыг хариуцсан багийн ахлагч, боловсруулсан ажилтнууд хуралд заавал байлцана. 

4.7. Зөвлөлийн дарга нь гишүүдийн гаргасан санал, дүгнэлтэд үндэслэн тухайн асуудал бүрээр хэлэлцэх эсэх, хойшлуулах, зөвлөмж болгон хэрэгжүүлэх, ҮСХ-ны Даргын зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх зэргийг эцэслэн шийднэ.


V. Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд тавигдах шаардлага

5.1. Хуралд хэлэлцүүлэх асуудал нь хууль тогтоомжид нийцсэн, үндэслэл бүхий  судалгаа, тооцоо, дүгнэлттэй, холбогдох төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, саналыг тусгасан, баримт бичгийн боловсруулалтын өндөр чанартай байна.

5.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хэлэлцүүлэх асуудлын "Бүрдлийг хянах хуудас"-ын дагуу дараах материалуудыг бүрэн хангасан эсэхийг хянаж баталгаажуулна. /Арга зүйн байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын "Бүрдлийг хянах хуудас"-ыг хавсаргав/

      5.2.1. Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх асуудлыг тухайн газрын хурлаар хэлэлцсэн тэмдэглэлийг хөтөлж, газрын даргаар баталгаажуулсан байна.

      5.2.2. Хуралд хэлэлцүүлэх асуудлын танилцуулгыг хураангуй болон дэлгэрэнгүй байдлаар (Unicode) ашиглан бэлтгэнэ.

              5.2.2.1. Дэлгэрэнгүй танилцуулга нь зөвлөлийн гишүүд тухайн хэлэлцэж буй асуудлын талаар бүрэн ойлголт авахаар MS Word дээр бэлтгэгдсэн байна.

             5.2.2.2. Хураангуй танилцуулга нь тухайн хэлэлцэж буй асуудалтай холбоотой зөвлөлийн гишүүдийн өгсөн санал, түүнийг тусгасан байдал, өөрчлөлт зэрэг гол гол асуудлыг тусгасан байх бөгөөд MS power point дээр бэлтгэж, танилцуулгыг товч хийнэ.

     5.2.3. Зөвлөлийн гишүүдээс хэлэлцүүлэх асуудлаар гаргасан санал, зөвлөмжид дэлгэрэнгүй танилцуулга, тайлбар хийж, санал тусгасан байдлыг хавсаргасан байна.

              5.2.3.1. Зөвлөлд гаднын байгууллагаас ажиллах гишүүдийн саналыг тухайн хэлэлцэх асуудлын хүрээнд бичгээр заавал авсан байна. Аваагүй тохиолдолд шалтгааныг тодруулсан байна.

    5.2.4. Төрийн  захиргааны  төв  байгууллагуудаас  чиг  үүргийн  хувьд  тухайн асуудлыг хариуцсан эрх бүхий удирдах албан тушаалтны саналыг зайлшгүй хавсаргасан байна.

     5.2.5. Хэлэлцэж  буй  зарим  асуудлаар  тус  хорооны  мэргэжлийн  албаны үндэслэл, тооцоолол бүхий санал, дүгнэлтийг хавсаргасан байвал зохино.

5.3. Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэх асуудлыг тухайн газрын дарга, түүний эзгүйд орлох ажилтан хариуцан танилцуулна.

Дээшээ буцах