Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
Эхлэх | Дуусах | Цикл |
---|
2010-01 | 2010-12 | N/A |
Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ
Тоолох үе бол тооллогын бэлтгэл ажилтай харьцуулахад маш богино хугацаанд явагддаг. Тооллогын бэлтгэл хэр хангагдсаныг шалгах шалгуур болдог. Тоолох ажиллагаа 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өглөөний 8 цагаас эхэлж, 17-ны шөнийн 12 цаг хүртэл 7 хоног үргэлжлэв. Хүн ам, орон сууцны тооллогод хүн бүр оролцохын чухлыг ойлгуулах талаар ухуулга сурталчилгааг эрчимтэй явуулахын зэрэгцээ төр засгаас явуулж байгаа арга хэмжээ, ялангуяа эх орны хишиг, хувь хүртээхэд тооллого, бүртгэлд хамрагдаж, иргэн хүний үүргээ биелүүлсэн байх тухай иргэдэд таниулсан. Үүнийг олон нийт ойлгон ухамсарлаж, тооллогод идэвхтэй оролцож байгаа нь тооллогын эхний өдрөөс мэдэгдэж байлаа. Тооллогын эхний өдөр УИХ-ын дарга УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, тэдний гэр бүлийг тоолж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлав. Монгол Улсын Ерөнхий сайд, хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссын дарга С.Батболд “Тооллогын ажлыг амжилттай явуулахад манай нийт иргэдийн оролцоо, эх оронч сэтгэл нэн чухлыг тэмдэглээд, улс орны төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой 10 жилд ганцхан удаа явагддаг хүн ам, орон сууцны тооллогод иргэн бүр нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу идэвхтэй оролцохыг уриалж байна” гэж хэлсэн нь ард иргэдийг тооллогод идэвхтэй оролцоход зохих түлхэц болсон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн тооллогын комиссын дарга нар тооллогын нээлтийн ажиллагааг зохион байгуулж, орон нутгийнхаа хамгийн өндөр настай иргэнээс тооллогыг эхэлж, энэ талаараа өргөн дэлгэр сурталчилсан нь нэг талаас ахмадаа хүндэтгэдэг уламжлал, ёс заншлаа дээдэлсэн арга хэмжээ болсон төдийгүй тооллогод ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан ухуулга болсон. Тооллогын өдрүүдэд бүх шатны түр товчоодод шуурхай жижүүр өдөр бүрийн 8- 22 цаг хүртэл ажиллаж, иргэдийн асуултад хариулт өгч байсны хамтад, гадаадаас интернэтээр холбогдсон иргэдийн асуулт, хүсэлтийг ҮСХ өдөр бүрийн 8-02 цагийн хооронд жижүүр гарган хүлээн авч, шийдвэрлэж байв. Түүнчлэн, ҮСХ-нд 121 дугаарын лавлах утас ажиллуулж, нийслэл, дүүргийн тооллогын түр товчоодтой өдөр бүр холбоотой ажиллаж, шаардлагатай туслалцаа үзүүлж байв. Тооллогын комисс, түр товчоод анхан шатны нэгжид хүрч, тэнд ажиллаж байгаа тоологч, шалгагч нарын ажилтай танилцан, ажил үүргээ гүйцэтгэсэн эсэхийг шалгах, удирдан чиглүүлэх, заавар зөвлөгөө өгч, төв суурин газрын тоологч нар ажлын явцаа өдөр бүр тайлагнах, хүндрэлтэй асуудлаа хэлэлцэж тохирох, хөдөө орон нутагт 2-3 хоногт шалгагчтай уулзаж заавар зөвлөгөө авахаар зохион байгуулж байв. ҮСХ болон ГХЯ-ны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй багийг АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Турк, Франц, Европын хэд хэдэн хотуудад ажиллуулсан нь гадаадад ажиллаж амьдардаг Монгол Улсын иргэдийг тооллогод аль болох бүрэн хамруулахад чухал ач холбогдолтой ажил болсон. Тоологдсон өрх, хүн амын тоог дараагийн өдөрт нь нэгтгэн авч, явцыг хянаж байснаас гадна 11 дүгээр сарын 11-13-ны өдрийн явцын мэдээг 14-нд, 14-17-ны явцын мэдээг 19- нд тооллогын Улсын комиссын гишүүдэд танилцуулж, олон нийтэд мэдээлсэн. Эхний 3 өдрийн мэдээгээр улсын хэмжээнд нийт өрхийн 56.7 хувь, Улаанбаатарт 61.5 хувь нь тоологдсон байв. Албан болон хувийн ажлын шалтгаанаар тоолох үеийн өмнө болон тооллогын өдрүүдэд гадаад, дотоодод зорчих иргэдийг урьдчилан баг, хороон дээр нь тоолох чиглэл өгч, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Улаанбаатар хотын Буянт-Ухаа боомтуудад иргэдийг тоолж, хил нэвтрүүлж байв. Мөн аймаг, хот хооронд бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчдын тоологдсон эсэхийг шалгаж, хяналт тавьсан нь давхар тоолуулахаас сэргийлсэн арга хэмжээ болсон юм. Иргэдийг тооллогод бүрэн хамруулах, тооллогын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Говь-Алтай, Говьсүмбэр, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл зэрэг аймгууд согтууруулах ундаа худалдаалах цагийг хязгаарлах, бүрэн хориглох зэрэг зохицуулалт хийжээ. Байнга оршин суух газаргүй, дээвэр, орц, хонгил, дулааны шугам сүлжээний сувагт орогнодог орон гэргүй иргэд, албан бусаар ашигт малтмал олборлогчдыг ЦЕГ-ын бие бүрэлдэхүүнтэй хамтарч тоолсон бөгөөд орон гэргүй иргэдийг улсын хэмжээнд 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө нэгэн зэрэг тооллогод хамруулсан. Тооллогын сүүлчийн өдрүүдэд оюутнуудыг байгаа газарт нь тоолохгүй байна гэсэн иргэдийн санал, гомдлын дагуу оюутны томоохон байруудад шалгалт хийж, 11 дүгээр сарын 17-ны өдөр МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ХААИС дээр тоологдоогүй оюутнуудыг харьяалах дүүргийн тооллогын түр товчоодтой хамтран тоолов. Шалгагч нар тоологч нарын ажилд туслах, тоологчийн авсан асуулгыг шалгах, тэдэнд зөвлөгөө өгч, ажил дээр давтан сургалт явуулсан нь тооллогын ерөнхий чанарыг сайжруулахад зохих хувь нэмэр болсон. Ялангуяа, шалгагч нар тоологч нарын тоолсон өрхөөр орж, тооллогын хамрагдалтыг шалгаж байсан нь тоологч нар ажлаа чанартай хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.