Монгол Улс - XAOCT 2010
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-PHC-2010-v2.0 |
Он | 2010 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Түнш | НҮБ-н Хүүхдийн сан - НҮБХС - Санхүүжүүлэгч |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 27, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 22, 2020 |
Хуудасын тоо | 234586 |
Татагдсан тоо | 294416 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Мэдээлэл боловсруулах систем
Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод интернэт технологи, газарзүйн зургийн систем нэвтрүүлсэн нь өмнөх тооллогуудаас давуутай боллоо. Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын мэдээлэл боловсруулалтад бэлтгэж байсан үетэй харьцуулбал үндэсний статистикийн салбарын техник технологийн нөхцөл байдал өндөр төвшинд хүрсэн. Статистикийн салбарын төв аппарат 1000Mbps хурдтай дотоод сүлжээ, 2048Kbps хурдтай интернэтийн бие даасан шугамтай, дотоод, гадаад сүлжээний найдвартай ажиллагааг хангах үүрэг бүхий тусгаар зонд байрлуулсан сервер компьютерүүд, нууцлал хамгаалалтын тусгай зориулалтын төхөөрөмжтэйгээр ажилласан. “Статистикийн тухай”, “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуульд, Статистикийн салбарын мэдээллийн аюулгүй байдлын бодлого, мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын журам, тооллого, түүвэр судалгааны анхдагч мэдээллийг хэрэглэгчдэд ашиглуулах түр журам, тооллогын мэдээллийг хүлээж авах, шивэх, шалгаж засварлах үйл ажиллагаанд мөрдөх журам зэрэг баримт бичгүүд нь тооллогын мэдээлэл боловсруулах эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн юм. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор шивэлтийн сүлжээг байгууллагын сүлжээнээс физик холболтын хувьд тусдаа зохион байгуулсан. Сүлжээг windows системийн зохион байгуулалтаар тусдаа дотоод удирдлагын толгой сервер /домайн контроллер/ зохион байгуулж удирдсан. Шивэлт хийх компьютерүүдийг уг толгой компьютерт холбож мэдээллийг алдах, эвдэх, засварлах зэргээс хамгаалах тохиргоог хийсэн. Мэдээллийн нөөцлөх ажлыг өдөрт 2 удаа 15:10, 22:10 цагуудад автоматаар архивлаж, 23:00 цагт бүтэн өдрийн архивыг дискэнд (TAPE) бичиж хадгалж байв. Тоног төхөөрөмжүүдийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангах, эвдрэл гэмтлийн үед шуурхай засварлах, хэвийн ажиллагаанд оруулах тоног төхөөрөмж, сэлбэгийн нөөцийг ч бүрдүүлсэн юм. Шивэлтийн компьютер, бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан. Мэдээлэл боловсруулалтад сүүлийн үеийн багц программууд (CSPro, SPSS) ашигласан. Түүнчлэн, ангилал, код, стандартуудаас хайлт хийж, сүлжээний орчинд тооллогын асуулгыг кодлох болон боловсруулалтын явцын мэдээний хяналтын программ хангамжийг ашигласан (NET хэлээр хөгжүүлсэн) болно.
ИНТЕРНЭТ ТООЛЛОГЫН БОЛОВСРУУЛАЛТ
Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын нэг онцлог бол гадаадад удаан хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолсон явдал байлаа. Тиймээс вэбэд суурилсан программ хангамж боловсруулах, вэб үйлчилгээ бүрдүүлэх, мэдээллийн нууцлалтай холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний дата төв, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагуудын чиг үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн зохион байгуулалт хийх нөр их ажил өрнөсөн. Интернэтээр мэдээлэл цуглуулсан анхны тооллого тул мэргэжлийн болон зохион байгуулалтын туршлага дутаж, түүнчлэн төрийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахад эрх зүйн орчны хүндрэл гарч байлаа. Иргэдийг интернэтээр бүртгэх, зөвшөөрөл олгох, тооллогын асуулгыг интернэтээр нөхүүлэх, хариу мэдээлэл өгөх үндсэн программ хангамжийг ҮСХ Symphony framework технологиор боловсруулж, Үндэсний дата төв вэб үйлчилгээг нь хэрэгжүүлсэн юм. Гадаадад оршин суугаа иргэдийн ажиллаж, амьдарч байгаа орчны технологийн нөхцөл адил биш, зарим иргэдэд зохих төвшний технологийн мэдлэг дутагдаж байсан тул тооллогын асуулгыг хэвлэж нөхүүлээд ҮСХ-нд хүргүүлэх арга хэмжээг Монгол Улсаас тухайн оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд зохион байгуулсан. Мэдээлэл боловсруулалтын явцад нөхөж ирүүлсэн асуулгыг шивэх, ХАОСТ-1 маягтаар ар гэрийхэн нь тооллуулсан хүмүүсийн давхардлыг шалгах зэрэг ажлыг хийж, тооллогын дүнд оруулсан болно.
МЭДЭЭЛЛИЙГ КОДЛОХ, ШИВЭХ, ЗАСВАРЛАХ
Тооллогын мэдээлэл боловсруулалтыг богино хугацаанд дуусгаж, үр дүнг хэрэглэгчдэд хүргэх гол зорилгод үндэслэн 136 түр ажилтан ажиллуулав. Түр ажилтнуудын ажлын өрөөний хүрэлцээнээс хамаарч 6 хэсэгт хуваарилан 3 өрөөнд тоног төхөөрөмж суурилуулж, сүлжээнд холбон, хоёр ээлжээр ажиллуулсан. Нийт 6 ээлжийн ахлагч, 130 оператор боловсруулалтын ажилд оролцов. Тооллогын асуулгыг шат шатны түр товчоод шалгаж хүлээн аваад, тусгайлсан графикт хуваарийн дагуу ҮСХ-нд хүлээлгэн өгч байв. Тооллогын баримт бичгийг шалгаж хүлээн авах, кодлох, шивэх, засварлах ажлын боловсруулалт тодорхой хугацаанд зэрэг хийгдэж, үйл ажиллагаа нь тасралтгүй хэрэгжихээр зохион байгуулалтыг хийсэн. Кодлолт 2010 оны 12 дугаар сарын 13-нд, шивэлт 2011 оны 1 дүгээр сарын 7-нд эхэлж, 4 дүгээр сарын 16-нд үндсэн болон хяналтын тооллогын асуулгыг шивэх, давтан шивэлт хийх ажлууд дуусав. Мэдээллийг шалгах, засварлах ажил 2011 оны 4 дүгээр сарын 18-нд эхэлж, 5 дугаар сарын 5-нд дууссан. Хүн ам, орон сууцны тооллогын товчооноос боловсруулсан арга зүйд үндэслэсэн программын аргаар хийх автомат засвар 5 дугаар сарын 10-нд дуусч, үр дүнгийн хүснэгтүүдийг гаргаж эхэлсэн.