Монгол Улс - АХС 2007/2008
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-LFS-2007-v2.0 |
Он | 2007 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Түнш | Үндэсний Статистикийн Хороо - ҮСХ - Санхүүжүүлэгч ба зохион байгуулагч байгууллага |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 99672 |
Татагдсан тоо | 9593 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх. Байнга хамтран амьдарч, орлогоо нэгтгэн, хоол хүнсээ бэлтгэж, нэг тогооноос хоол иддэг нэг буюу хэд хэдэн хүмүүсийг "өрх" гэж үзнэ. Эдгээр хүмүүс нь хамаатан садан болон ажил олгогчтойгоо хамтран амьдардаг цусан төрлийн хамааралгүй, гэрийн үйлчлэгч, бусад хөлсний ажилчид ч байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг оруулаагүй болно.
Ажиллах хүчний болон Хүүхдийн хөдөлмөрийн 2002-2003 оны судалгааны түүвэрлэлтийн нэгж нь 2000 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын нэгж байсан бол 2007-2008 оны энэ судалгааны түүвэрлэлтийн нэгжээр Монгол Улсын засаг, захиргааны нэгжийг авч, түүвэрлэлтийг 2006 оны өрх, хүн амын тоонд үндэслэн хийсэн. Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 бүлэгт (хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан) хувааж нийт 29 бүлэг болгон судалгаанд хамруулсан. Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотын хувьд дүүргийн хорооны хэсэг, харин аймгийн хувьд сумдын багууд болно. Энэ түүвэр судалгаанд Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 324 хэсэг, аймгаас 552 баг нийт 876 нэгжийг хамруулав.
Ажиллах хүчний түүвэр судалгаанд олон шатат түүврийн арга хэрэглэсэн. Түүвэрлэлтийг хийхдээ таамаглаж байгаа ажилгүйчүүдийн тооны нийт хүн амд эзлэх хувийн жингээр магадлал хийн тооцсон болно. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийг аймаг, хотын дүүргээр бүлэглэн хуваарилахдаа нийт хүн амд пропорциональ харьцаагаар жигд тархаан тооцсон.
ТАШН-ийг пропорциональ магадлалт түүврийн аргаар (ПМТ) сонгож, ТАШН бүрээс 8 өрхийг энгийн санамсаргүй түүврийн аргаарсонгож, судалгаанд хамруулсан. Түүвэрлэлтийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Ажиллах Хүчний Судалгааны Үндсэн тайлан 2007-2008-ын Бүлэг 9-ийн 9.2 Түүвэрлэлт хэсгээс олж мэдэх боломжтой.
Түүврийн хэлбэлзэл
Түүвэр судалгаа хийгдэж байгаатай уялдан дараахь 2 төрлийн алдаа гарч байдаг. Үүнд
1) түүвэрлэлтийн алдаа; 2) түүвэрлэлтийн бус алдаа;
Түүвэрлэлтийн бус алдаа нь тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах үйл явцын үед гардаг. Энэхүү алдаанд судалгааны бэлтгэл үе шат, мэдээлэл цуглуулах үед хийсэн тоологч, мэдээлэгчийн санамсаргүй болон санаатай хийсэн алдаа, боловсруулалтын шатанд гарсан алдааг хамруулж авч үздэг. Түүвэрлэлтийн бус алдаа нь түүврийн үр дүнгийн алдааны ихэнх хувийг эзэлдэг бөгөөд түүврийн дизайн болон түүвэр судалгааг явуулах үе шатуудаас хамаардаггүй. Түүвэрлэлтийн бус алдаа нь гарсаар байдаг бөгөөд судалгааг явуулах бүхий л үе шатанд багасгах арга хэмжээг авдаг. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийн бус алдааг статистикийн аргаар тооцолох боломж хомс байдаг. Харин түүвэрлэлтийн алдааг статистикийн аргаар тооцолдог.
Нийт олонлогоос түүвэрлэн авсан ажиглалт дээр тулгуурлан үр дүнг тооцдогоос улбаалан түүвэрлэлтийн алдаа гардаг. Түүвэрлэлтийн алдаа тухайн судалгааг хийхэд ашигласан түүврийн төрөл болон түүврийн хэмжээнээс хамаарна. Энэхүү алдааг боломжит түвшинд байлгах үүднээс түүврийн загварыг болон түүврийн хэмжээг сонгосон.
Улсын хэмжээнд тодорхойлогдсон түүврийн анхан шатны нэгж бүрээс тус түүвэрт сонгогдсон түүврийн нэгжээс судалгаа авч үр дүнг тооцсонтой холбоотойгоор судалгааны үр дүн бодит утгаас ямар хэмжээний хэлбэлзэлтэй байгааг түүвэрлэлтийн алдаа илэрхийлнэ. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнд тулгуурлан алдааг тооцсон бөгөөд зарим нэг үзүүлэлтийн алдааны хязгаар өндөр байх нь түүврийн загварыг сонгох үе шатанд харагдаж байсан.
Судалгааны түүвэрлэлтийн алдааг дараахь үзүүлэлтийн тусламжтайгаар тооцоолсон бөгөөд түүврийн алдааг илэрхийлэх гол үзүүлэлт нь вариацийн коэффициент болно.
- Ерөнхий олонлогийн үзүүлэлтийн тооцооны утга
- Стандарт алдаа
- Вариацийн коэффициент
- 95 хувийн итгэмжлэгдэх интервал
- Тооцоо хийхэд ашиглагдсан ажиглалтын тоо
Түүвэрлэлтийн алдааг судалгааны үндсэн үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшин, хот, хөдөө, хүйсээр, бүс нутаг, аймгийн хэмжээнд гэсэн ангиллаар тооцсон. Алдааны хүснэгтийг Ажиллах Хүчний Судалгааны Үндсэн тайлан 2007-2008-ын Хүснэгт 9.1, 9.2, 9.3, 9.4 өөс харна уу.
Түүврийн жин
Түүврийн жингийн дэлгэрэнгүй мэдээллийг Ажиллах Хүчний Судалгааны Үндсэн тайлан 2007-2008-ын 9.2 Түүвэрлэлт хэсгээс мэдэх боломжтой.