Монгол улс - НҮТС 2013
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-SISS-2013-v1.0 |
Он | 2013 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн сан - UNICEF - Санхүүжилт хийсэн. НҮБ-ын Хүн амын сан - UNFPA - Санхүүжилт хийсэн. |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Apr 09, 2015 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 26, 2015 |
Хуудасын тоо | 567856 |
Татагдсан тоо | 312184 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа өрхөд суурилсан судалгаа учраас түүврийн нэгж нь өрх юм. Тиймээс судалгааны үзэл баримтлалд мэдээлэл цуглуулах үед Монгол Улсын нутаг дэвсгэрт харьяалагдах, засаг захиргааны нэгждээ 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа эсвэл 6 сар хүрээгүй боловч цаашид 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суух өрхийг түүврийн нэгжээр тодорхойлсон.
Судалгааны үр дүнг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцоход бодитой төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоолоо. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 15500 өрхийг магадлалт түүврийн аргаар судалгаанд хамруулж, бүс бүрт ногдох өрхийг хувийн жингийн аргаар буюу тухайн бүсийн өрхүүдийн улсын дүнд эзлэх хувийн жингээс хамааруулж, түүврийн нэгжийг сонгохоор шийдвэрлэсэн.
Өрхүүдийг сонгохдоо хоёр шатлалт, бүлэглэсэн түүврийн аргыг ашиглав. Эхний шатанд судалгаанд хамрагдах түүврийн анхан шатын нэгжийг (баг, хэсэг) хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргаар тодорхойлов. Сонгогдсон баг, хэсгээс судалгаанд хамруулах өрхийн тоог 25 байхаар тооцож, өрхүүдийг системчилсэн магадлалт түүврийн аргаар сонголоо.
Хүн амын өрхийн бүртгэлийн 2012 оны жилийн эцсийн албан ёсны статистикийн мэдээг түүврийн хүрээ болгон ашиглав. Улаанбаатар хотын хувьд хорооны хэсгийг, аймгуудын хувьд сумын багийг түүврийн анхан шатны нэгж (ТАШН) болгон тодорхойлсныг өмнө дурдсан. Судалгаанд 21 аймгийн 236 сумын 384 баг, Улаанбаатар хотын 9 дүүргийн 75 хорооны 220 хэсэг хамрагдсан бөгөөд баг, хэсэг бүрээс өрхийн жагсаалтыг 2013 оны 5-7 сард шинэчлэн гаргуулав. Судалгааны үр дүнгийн боловсруулалтыг хийхдээ түүврийн жин ашигласан.
Түүврийн жин
Өрх буюу судалгааны нэгжийн түүвэрт сонгогдох магадлалыг адил байхаар түүврийн зохиомжийг хийх боломжгүй тохиолдолд судалгааны үр дүнд хазайлт бий болдог. Өөрөөр хэлбэл, бүс бүрээс сонгогдох өрх, хүн амын тоо харилцан адилгүй учраас түүнийг төлөөлөх өрхийн сонгоход хэрэглэж буй коэффициент өөр өөр байдаг. Энэ нөхцөлд дизайн жин (design weight) болон түүврийн жин (sampling weight)-гийн тооцоо хийж, үр дүнг тархаахад ашигладаг.
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-ны түүврийн зохиомжийг түүврийн жин тооцсоны үндсэн дээр судалгааны үр дүнг тархаадаг, цаашдын шинжилгээ хийдэг байхаар боловсруулсан.
Түүврийн жинг тооцоход авч үздэг гол бүрэлдэхүүн хэсэг нь өрх бүрийн тухайн ТАШН (i) болон түүврийн стратагаас (h) сонгогдох магадлалын урвуу харьцаа юм. Түүврийн хүрээ буюу хүн ам, өрхийн 2012 оны бүртгэлд бүртгэгдсэн өрхийн тоо өрхийн жагсаалтаас зөрүүтэй учир судалгаанд сонгогдсон өрхүүдийн төлөөлөх магадлалыг илэрхийлэх коэффициент түүвэрлэгдсэн ТАШН бүрт тооцогдсон.Түүврийн жинг тооцоход авч үздэг сүүлийн бүрэлдэхүүн хэсэг нь судалгаанд хамрагдвал зохих хэдий ч ямар нэг шалтгаанаар хамрагдаагүй өрх болон хувь хүний тоо байдаг. Мэдээлэл цуглуулалт дууссаны дараа страта бүрт судалгаанд хамрагдалтын түвшинг тооцсон. Эдгээр нь ТАШН бүрийн хувьд түүврийн жин тооцоход ашиглагдсан. НҮТС-ны хамрагдалтын түвшинтэй холбоотой мэдээллийг тайлангийн "Судалгааны хамралт, өрх, хүн амын шинж байдал" бүлгийн HH.1 хүснэгтэд үзүүлсэн болно. Ганцаарчилсан асуулгад хамрагдсан эрэгтэй, эмэгтэй болон 5 хүртэлх насны хүүхдийн хамрагдалтын түвшингээр засварласан коэффициентийг тооцоход засварлагдсан өрхийн жин ашиглагдсан. Ганцаарчилсан асуулгад хамрагдвал зохих эрэгтэй, эмэгтэй болон 5 хүртэлх насны хүүхдийн тоог судалгаанд бүрэн хамрагдсан өрхийн асуулгын "Өрхийн гишүүдийн ерөнхий мэдээлэл"-д бүртгэгдсэн гишүүдийн тооноос тооцсон.
Өрхийн түүврийн жин нь түүний сонгогдох магадлалын урвуу харьцаа болон ТАШН бүрийн хамрагдалтын түвшингээр засварласан коэффициентийн үржвэрээр тодорхойлогдсон. Судалгаанд хамрагдсан нэгжүүд улсын хэмжээний нийт өрхийг төлөөлөхүйц магадлалтайгаар түүврийн зохиомж хийгдсэн тул өрхийн түүврийн жинг ТАШН бүрийн хамрагдалтын түвшингээр засварласан өрхийн тооны нийлбэр нийт түүврийн хэмжээтэй тэнцүү байхаар стандартчилсан (нормальчилсан). Ингэхдээ судалгаанд бүрэн хамрагдсан ямар нэгэн засварлалт хийгээгүй (жигнээгүй) өрхийн тооны нийлбэрийг хамрагдалтын түвшингээр засварласан түүврийн жин бүхий өрхийн тооны нийлбэрт хуваасан тогтмол хувьсагчаар өрхийн түүврийн жинг үржүүлсэн. Үүнтэй адилаар ганцаарчилсан асуулгад хамрагдсан хүн бүрт (эрэгтэй, эмэгтэй болон 5 хүртэлх насны хүүхэд) нормальчилсан түүврийн жинг тооцсон. Эрэгтэйчүүдийн хувьд 2 өрх тутмын 1-ээс ярилцлагад хамруулсан учраас хамрагдалтын түвшинг тооцохдоо 2 гэсэн тогтмол хувьсагчаар үржүүлсэн. Түүврийн жингийн тооцооллын үр дүнгээс үзэхэд улсын хэмжээний нийт 620 ТАШН-ийн түүврийн жин нь 0.1340-өөс 3.1647-гийн хооронд хэлбэлзэж байв. Эдгээр түүврийн жинг судалгааны мэдээллийн санд нэгтгэж, үр дүнг тооцоход ашигласан юм.