Монгол Улс - ХХС 2005
Судалгааны дугаар | MNG-NSO-EN-MICS2005-v1.0 |
Он | 2005 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн Сан - НҮБХС - Судалгааг зохион байгуулахад санхүүгийн туслалцаа Монгол Улсын Сангийн Яам - СЯ - Судалгааг зохион байгуула |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 02, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 08, 2014 |
Хуудасын тоо | 324985 |
Татагдсан тоо | 15685 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
ОҮБТС - 3 судалгааны түүвэрлэлтийн зохиомжийн гол зорилго нь хүүхдийн амьдралын эрүүл хэв маягийг дэмжих, тэдэнд чанартай боловсрол олгох, харгис, ширүүн хандах явдал, мөлжлөг, хүчирхийллээс хамгаалах болон ХДХВ/ДОХ-той тэмцэх гэсэн Хүүхдэд Ээлтэй Дэлхий Ертөнц Тунхаглалд дэвшүүлсэн 4 гол зорилтын хэрэгжилтийг хянах бүлэг үзүүлэлтүүдийг бодитойгоор тооцох явдал юм. Судалгаанд түүвэрлэгдсэн өрхийн 15-49 насны бүх эмэгтэйчүүд, 5 хүртэлх насны бүх хүүхдүүд хамрагдсан. Монгол Улсын нийт өрхөөс тодорхой тооны өрхийг түүвэр болгон сонгон авч, уг өрхүүдийн байнгын оршин суугч 15-49 насны бүх эмэгтэйчүүдтэй тухайн эмэгтэйн талаар, байнгын оршин суугч 5 хүртэлх насны бүх хүүхдийн эх, асран хамгаалагчидтай нь тухайн хүүхдийн талаар тус тус ярилцлага хийсэн.
Уг судалгааны хүрээнд үндэсний болон бүсийн түвшинд төлөөлөх чадвартай өрх, эмэгтэй, хүүхдийн түүвэрлэлт хийсэн ба уг түүвэрлэлтийн дагуу мэдээлэл цуглуулсан. ОҮБТС - 3 судалгааны анхдагч зорилго нь Монгол Улсын хэмжээнд эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал болон ХДХВ-ийн халдвартай холбоотой үзүүлэлтүүдийг тооцох, цаашлаад эдгээр үзүүлэлтүүдийг хот, хөдөөгөөр нь ялган тооцох явдал билээ. Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд бүсэд, бүс бүр нь аймгууд болон нийслэлд, аймаг бүр нь сумдад, нийслэл нь дүүргүүдэд, сум бүр нь багуудад, дүүрэг бүр нь хороодод тус тус хуваагддаг. Баг, хорооны өрх, хүн амын мэдээлэл жил бүр шинэчлэгдэж байгааг харгалзан баг, хороог түүврийн анхан шатны нэгжээр сонгосон бөгөөд түүврийн анхан шатны нэгж дэх өрхийн тоог ойролцоо байлгах зорилгоор олон өрхтэй баг, хороог 2-3 түүврийн нэгж болгон хуваасан. Түүврийн анхан шатны нэгж болох баг, хороог пропорциональ магадлалт түүврийн аргаар сонгож, сонгогдсон баг, хорооны өрхийн жагсаалтаас тус бүр 25 өрхийг системчилсэн цикл түүврийн аргаар сонгон авч судалсан болно. Түүврийн анхан шатны нэгжийг илэрхийлж буй хувьсагч нь түүвэрлэгдсэн нэгжийн дугаар буюу HH1 юм.
Уг судалгааны түүвэрлэлтийг хүүхэд, эмэгтэйчүүдийн байдлын талаарх үзүүлэлтийг үндэсний түвшинд, хот, хөдөө, бүс нутгаар тооцож гаргах зорилгоор хийсэн. Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар гэсэн 5 бүсийг түүврийн бүлэг болгон авч, өрхийн түүвэрлэлтийг хийхдээ бүсээс сонгогдох өрхийн тоог тухайн бүсийн хүн амын тоонд пропорционалиар хуваарилж, 2 шатат түүврийн аргыг ашиглав.
Судалгааны түүвэрт 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотыг төлөөлөх түүврийн 253 анхан шатны нэгжээс нийт 6325 өрхийг сонгож түүвэрт сонгогдсон өрхүүдээс мэдээллийг цуглуулж, судалгааны үр дүнгийн боловсруулалтыг үндэсний түвшинд хийхдээ түүврийн жинг ашигласан.
Хаягандаа олдохгүй болон ярилцлага авах боломжгүй өрх, хувь хүнийг өөр өрх, хувь хүнээр солих, орлуулан мэдээлэл авахыг ярилцлага авагч нарт зөвшөөрөөгүй. Харин өрх, хувь хүний хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс түүврийн жинд зохих засваруудыг ОҮБТС-ны нэгдсэн зааврын дагуу хийсэн.
Түүврийн хэлбэлзэл
Үндсэн түүвэрлэлтийн зохиомжид ямар нэг томоохон өөрчлөлт ороогүй ба түүврийн анхан шатны бүх нэгжээс хангалттай өндөр хамрагдалтын түвшинтэйгээр мэдээлэл цуглуулсан.
Хамралтын түвшин
Судалгааны түүвэрт сонгогдсон 6325 өрхөөс 6220 нь ярилцлагад хамрагдаж, хамрагдалтын түвшин 98.3 хувь байсан. Судалгаанд хамрагдсан өрхүүдэд эмэгтэйчүүдийн асуулгад хамрагдвал зохих 15-49 насны 8057 эмэгтэй бүртгэгдсэнээс 7459 эмэгтэй ганцаарчилсан ярилцлагад хамрагдаж, хамрагдалтын түвшин 92.6 хувь байлаа. Дээрх өрхүүдэд хүүхдийн асуулгад хамрагдвал зохих 5 хүртэлх насны 3568 хүүхэд бүртгэгдсэний 99.4 хувь буюу 3547 хүүхэд судалгаанд хамрагдсан. Судалгаанд хамрагдсан 15-49 насны эмэгтэйчүүдийн ерөнхий хамрагдалтын түвшин нь 91.0 хувь, 5 хүртэлх насны хүүхдийн хувьд ерөнхий хамрагдалтын түвшин нь 97.8 хувь байсан.
Түүврийн жин
Судалгааны мэдээллийн файл бүрт түүврийн жин тооцсон.
Өрхийн мэдээллийн файлын хувьд түүврийн жинг өрхийн сонгогдох магадлалын эсрэг магадлалаар түүврийн бүлэг (бүс бүрийн хувьд хот, хөдөө) бүрийн хувьд тооцсон. Өрхийн асуулгад хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс өрхийн түүврийн жинг түүврийн бүлэг бүрийн хувьд засварласан ба нийт жинлэгдсэн өрхийн тоог жинлэгдээгүй өрхийн тоотой тэнцүү байлгах үүднээс түүврийн жинг тогтмол тоогоор үржүүлж нормчилсон. Өрхийн түүврийн жингийн хувьсагчийг HHWEIGHT гэж нэрлэсэн ба үүнийг өрхийн мэдээллийн файл - HH, өрийн гишүүдийн мэдээллийн файл - HL тус бүрт ашигласан.
Эмэгтэйчүүдийн мэдээллийн файлын хувьд нормчлоогүй өрхийн түүврийн жинг ашигласан. Эмэгтэйн ганцаарчилсан асуулгад хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс эмэгтэйн түүврийн жинг түүврийн бүлэг бүрийн хувьд засварласан ба нийт жинлэгдсэн эмэгтэйн тоог жинлэгдээгүй эмэгтэйн тоотой тэнцүү байлгах үүднээс түүврийн жинг тогтмол тоогоор үржүүлж нормчилсон.
Хүүхдийн мэдээллийн файлын хувьд мөн нормчлоогүй өрхийн түүврийн жинг ашигласан. Хүүхдийн асуулгад хариулт өгөөгүй түвшинг засварлах үүднээс хүүхдийн түүврийн жинг түүврийн бүлэг бүрийн хувьд засварласан ба нийт жинлэгдсэн хүүхдийн тоог жинлэгдээгүй хүүхдийн тоотой тэнцүү байлгах үүднээс түүврийн жинг тогтмол тоогоор үржүүлж нормчилсон.